2012/03/24

Төрсөн өдрийн мэнд, SUBSCREW

SUBSCREW-ын нэг жилийн ойн мэнд!


tsetsee_yugi болон SUBSCREW-н түүх:

Миний бие tsetsee_yugi анименд дуртай. Наруто, Юу-Ги-ээс авахуулаад арав гаруй жил үзэж байна. Та бүхэн МН-Фенсаб-ыг мэдэх байх. Монголын фенсабуудын анхдагч. Нарутог Монголоор тэндээс л үздэг байлаа. Жаахан уддаг байсан ч Монголоор үзэхийг илүүд үздэг байж билээ. Тиймдээ ч би МН-Фенсабд талтай байсан юм.

Ноднин жил би аниме орчуулах сонирхол төрсөн юм. Гэвч энэ талаар миний мэдлэг тэг зааж байлаа. Тэгээд юутай ч МН-Фенсабад элсэх хүсэлт тавилаа. Тухайн үед Bleach зогссон байсан болохоор би түүнийг үргэлжлүүлэх санал тавьсан юм. МН-Фенсабаас нэг нөхөр за тэгвэл aegisub гэдэг програм бий, өөрөө сураад, энэ ass файлыг орчуулаад өг. Бид шалгаад болж байвал чамайг орчуулагчаар авна гэлээ. Би ч бөөн баяр гэж нөгөө програмыг татаж аваад л нөгөөдөхөө ажиллуулаад л орчуулж эхэллээ. Харин aegisub ашиглахад хялбархан програм байсан юм. Тэгээд гурван хоног үзэлцэж байгаад нэг юм боллоо. Тэгээд л МН-Фенсабыг yahoo-даа орохыг нь хүлээгээд байлаа. Орж ирдэггүй ээ. "Би болчихсон шүү!" гээд зурвас үлдээлээ. Хариу ч алга. Тэгж тэгж нэг юм онлайн боллоо. За, би орчуулчихлаа, энэ ass файл нь гэсэн чинь тэр нь бас өөр нэг гишүүн нь байж. Миний тухай ч мэдэхгүй. За, тэгвэл шалгаад хариу өгье гэлээ. Тэгээд хүлээгээд л байлаа. Тэгээд дахиад холбогдсон чинь бас шал өөр нөхөр байж байна. Тэгээд энэ ёстой мянгуужингийн үлгэр юм байна, ер нь би яагаад эд нарыг царайчлах юм бэ? Тэгээд шууд хувийн блог дээрээ тавьчихлаа. Энэ миний хамгийн анхны аниме орчуулж тавьж байсан минь.

Удалгүй манай таньдаг нэг найз маань намайг аниме орчуулж байгаа юм уу? Би ч гэсэн сонирхож байгаа гээд ороод ирдэг юм байна. Тэгээд л ярилцаж байгаад ерөөсөө нэг блог нээгээд тэндээ орчуулсан анименуудаа тавьж байя гэж тохиров. Тэр найз маань одоо "Honey and Clover"-ыг гаргаж байснаар нь та бүхэн мэдэх байх. Тэгээд багийнхаа нэрийг ярилцаж байгаад monsubs гэж өглөө. Үүний дараа Rebel орж ирлээ. Түүний орчуулсан Claymore үнэхээр гайхалтай аниме байсан. Ингээд бид гурав MONSUBS хэмээгчийг байгууллаа.

Ингээд би Shura no Toki, Rebel Claymore, Honey and Clover-г гаргаж эхэллээ. Тэгсэн MONSUBS гэсэн нэртэй өөр баг байдгийг мэдлээ. Ингээд нэрээ өөрчлөхөөр болов. Шинэ нэр маань та бүхний мэдэх SUBSCREW (SUBS+CREW, SUB + SCREW гэсэн хоёр утгатай) боллоо.

Дараа нь Monboy орж ирлээ. Анхны аниме нь Basilisk. Ингээд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй sub-уудаа screw-дсээр 1 жилийн ойтойгоо золголоо.

Одоо бодоход хэрвээ нэг жилийн өмнө би МН-Фенсабад орчихсон байсан бол SUBSCREW-тэйгээ холбогдож чадахгүй байх байж. Энэ бол ёстой хувь тавилан байж.